The Universal House of Justice
Ridván 2019
To the Bahá’ís of the World
Dearly loved Friends,
Хамгаас Агуу Наадам ойртох тусам бид уяран догдолж буйн учир нь нэг талаас хайрт дагалдагч нартаа нөр их ажил үйлс бүтээхэд нь хайрласан Бахауллагийн ивээл тусламжинд баярлах талархлын сэтгэл, нөгөө талаас ойрын ирээдүйд ямар их ололт амжилт байгуулах бол хэмээсэн горьдлого найдварын сэтгэл хосолж буйтай холбоотой.
Бахауллагийн Мэндэлсний хоёр зуун жилийн ойг дэлхий даяар тэмдэглэх баяраас ундарсан хөдөлгөөн тэр үеэс хойш бүр ч эрч хурдцаа нэмжээ. Дэлхий дахинаа гаргасан сүүлийн үеийн амжилтаас дүгнэн үзвэл, Бахайн нийгэмлэгийн түргэссэн хөгжил, өсөн нэмэгдэж буй хүч чадавхи болон улам олон тооны гишүүдийнхээ эрч хүчийг дайчлах чадвар нь тодрон харагдаж байна. Өнөөгийн Таван Жилийн Төлөвлөгөө нь нийгэмлэгийн “цөм” нь болсон үйл ажиллагааг системтэйгээр нэмэгдүүлэн төгөлдөржүүлэхэд чиглэгдсэн Бахайн ертөнцийн хорин жилийн хүчин чармайлтан дээр тулгуурлаж байгаа хирнээ энэ Төлөвлөгөөний эхний хоёр жил хагасын хугацаанд зөвхөн үй л ажиллагааны тоо л гэхэд тавиас илүү хувиар өссөн нь үнэхээр гайхалтай юм. Оюун санааны бодит үнэнийг судалж түүнийг ойлгон хэрэгжүүлэхэд туслах эдгээр үйл ажиллагаанд эдүгээ аль ч үед саяаас илүү хүн оролцож байгаа нь дэлхийн нийгэмлэгийн маань чадавх юутай их өссөнийг харуулж байна. Мөн энэ богинохон хугацаанд, мөргөлийн цуглааны тоо бараг хоёр дахин өссөн нь итгэл найдвар ба буян хишгийн Эх үүсвэр болсон Бурханаасаа улам холдон хөндийрч буй хүн төрөлхтөнд тун чухал хэрэгцээтэй амжилт бөлгөө. Мөргөлийн уулзалт нь нийгэмлэг хамт олны амьдралд шинэ уур амьсгалыг оруулж өгдөг учир энэ бол онцгой их нөөц боломж нээсэн чухал ололт амжилт юм. Бүх насны хүмүүст зориулсан боловсролын үйл ажиллагаатай уялдан хосолж чадвал мөргөлийн цуглаан нь Бурханд сүсэглэн бишрэх ба хүн төрөлхтөнд үйлчлэх хос тэмүүллээрээ онцгойрсон нийгэмлэгүүдийг хөгжүүлэн дэмжихэд чиглэгдсэн эдгээр үйл ажиллагааны эрхэм дээд зорилгын биелэлтэнд бүр ч хүчтэй түлхэц үзүүлж чадах юм. Энэ нь Бахайн үйл ажиллагаанд оролцох олон тооны хүмүүсийн оролцоог тогтвортой хадгалж чадаж байгаа, нийгэмлэгийн хөгжил нь гуравдугаар зааг шавгаа давсан тэдгээр кластерт тун илэрхий байгаа билээ. Өсөлтийн үйл явц ийм хөгжингүй үе шатандаа хүрсэн кластерын тоо өнөөгийн Төлөвлөгөө эхэлснээс хойш аль хэдийн хоёр дахин ба түүнээс илүүгээр нэмэгдэж, эдүгээ таван зуу орчимд хүрсэнд бид туйлын баяртай байна.
Энэхүү богино зураглал нь өдгөө өрнөж буй хувьсал өөрчлөлтийн цар хэмжээг бүрэн дүүрэн дүрсэлж чадахгүй юм. Төлөвлөгөөний үлдсэн хоёр жилийн хугацааны төлөв байдал нь үнэхээр гэгээлэг байна. Өнгөрсөн жилд бидний найдаж байсанчлан мэдлэг болон нөөцийн түшиц болсон кластерууд дахь өсөлтийн хүчирхэг хөтөлбөрүүдээс суралцсан сургамжуудыг цааш нь өргөнөөр түгээх замаар өчнөөн амжилтанд хүрээд байна. Дэлхийн бүх өнцөг буланд буй анд нөхөд суралцахуйн үйл явц ийнхүү хурдассаны ашиг тусыг хүртэж, олж авсан ойлголт сургамжийг улмаар өөрсдийн бодит байдалд тохируулан нэвтрүүлэх тийм боломжийг бүрдүүлэхийн тулд Олон Улсын Сургалтын Төв, Зөвлөхүүд болон тэдний цуцашгүй туслахууд огтхон ч амсхийгээгүй билээ. Улам олон тооны кластер болон тэнд буй бичил хороолол, тосгодод анд нөхдийн цөм бүлгүүд үүсэж, тэд үйлдэл ба эргэцүүлэл хийх замаар тухайн тодорхой цаг мөчид өөрсдийн нийгэмлэг орчинд өсөлтийн үйл явцыг урагшлуулахын тулд юу шаардлагатайг нээн тодорхойлж байгааг хараад бид баяртай байна. Тэд институт хэмээх хүчирхэг зэмсгийг ашиглан нийгэмлэгийн оюун санааны болон материаллаг хөгжил цэцэглэлд хувь нэмэр оруулах чадавхийг хөгжүүлж байгаа бөгөөд ийнхүү ажиллахын хэрээр тэдэнтэй нэгдэж буй хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа юм. Мэдээж хэрэг, нөхцөл байдал нэг газраас нөгөөд өөр өөр байгаагийн адил өсөлтийн онцлог шинж нь ч мөн өөр өөр байна. Гэсэн ч системтэй хүчин чармайлт гаргах замаар хүн бүр өрнөж буй ажилд улам улам илүү үр дүнтэй нэмэр хандиваа оруулж чадах билээ. Анд нөхөд бүхий л төрлийн орчинд утга учиртай бөгөөд сэтгэлийг бадраагч харилцан ярианд бусад хүмүүсийг урин тэдэнтэй ярилцахын туйлын баяр хөөрийг амсаж байгаа бөгөөд эдгээр яриа хөөрөлдөөн нь тухайн хүмүүсийн оюун санааны мэдрэхүйг түргэн эсвэл аажмаар хөдөлгөн нээж байна. Сүсэгтний зүрх сэтгэлд ассан галын дөл хэдийчинээ хүчтэй байх тусмаа бусад хүмүүс халуун дулааныг нь мэдрэн төдийчинээ илүү их хүчээр татагдах болно. Тиймээс ч Бахауллагийн хайранд шатсан зүрх сэтгэлтний хувьд, үзэл санаагаараа нэгдэж болох бусад хүмүүсийг эрэн хайхаас илүү, тэднийг үйлчлэхүйн замд алхан ороход нь урам өгөн дэмжихээс илүү, энэхүү замд туршлага олж авах явцад нь даган түшихээс илүү баяр жаргалыг төсөөлөх боломжгүй билээ. Түүгээр үл барам, магадгүй хамгийн дээд баяр жаргал болох, бусад анд нөхдийг итгэл сүсэгтээ баттай болон өөр бусдад үйлчлэхүйн адил замналаар замнахад туслахаар бие даан зориглон босохыг харахаас илүү баяр жаргалыг төсөөлөх боломжгүй билээ. Энэ бүхэн бол зуурдын ахархан богино амьдралдаа амсаж болох хамгийн нандин цаг мөчүүдэд багтах билээ.
Энэхүү оюун санааны үйл хөдөлгөөнийг улам урагшлуулан хөгжүүлэх ойрын төлөв Бабын Мэндэлсний Хоёр зуун жилийн ой ойртож байгаатай холбоотойгоор сэтгэлийг бүр их догдлуулж байна. Өмнө нь тохиосон хоёр зуун жилийн ойн адил энэхүү ойн баяр нь үнэлж баршгүй үнэ цэнэтэй мөч юм. Энэхүү ой нь Бурханы агуу Өдөр ирснийг, мөн Тэнгэрлэг Оршихуйн хоёр Тодруулагч ба дэлхий ертөнцийн тэнгэрийн хаяаг дараалан гэрэлтүүлсэн хос Гэгээрүүлэгч тодрон гарч ирснээр хурмастын буян хишиг ер бусын гайхалтай ихээр оргилон урсаж буйг эргэн тойрныхоо хүмүүст ойлгуулан мэдрүүлэх гайхамшигтай олон боломж бололцоог бүх Бахайчуудад олгож байна. Ирэх хоёр мөчлөгт чухам юу хийж амжуулж болохыг хоёр жилийн өмнө тэмдэглэн өнгөрүүлсэн хоёр зуун жилийн ойн туршлагаас хүн бүхэнд тодорхой бөгөөд тэрхүү үйл явдлаас суралцсан бүхнээ одоо энэ жил Ихэр Тодруулагч мэндэлсний хос Ариун Өдөрүүдийг тойрон хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөндөө авч ашиглах ёстой юм. Хоёр зуун жилийн ой ийнхүү ойртон дөхөхийн хэрээр бид Бабдаа гүн хүндэтгэл үзүүлэхээр хийж буй хүчин чармайлтууд тань Түүний урьдчилан зөгнөсөн Агуу Үйл хэргийг улам амжилттайгаар урагшлуулах болтугай хэмээн та бүхний өмнөөс Ариун Бурхануудад ойр ойрхон мөргөн залбирах болно.
Бүрэлдэн тогтох Үеийн эхний зуун жил дуусахад хоёр жил хагас үлджээ. Шүтлэгийн Баатарлаг Үеийн хугацаанд золиослонгуй зүтгэлээр тавьсан үндэс суурийг улам бэхжүүлэн өргөжүүлэхэд чиглэгдсэн зуун жилийн хичээнгүй үнэнч хүч хөдөлмөрийг ийнхүү түүхэнд баталгаажуулан лацдах болно. Түүнчлэн тэр үед Бахайн нийгэмлэг нь Абдул-Бахагийн Тэнгэрт халиад зуун жил болсныг дурсан санах билээ. Хайрт Багш маань тэр мөчид энэ ертөнцийн хорионоос чөлөөлөгдөн хайрт Эцэгтэйгээ нэгдэхээр хурмастын алдрын диваажин өөд одсон билээ. Таалал төгссөнийх нь дараах өдөр болсон оршуулгын ёслол нь “Палестинд урьд өмнө нь хэзээ ч үзэж байгаагүй” тийм ёслол болсон ажээ. Ахуй бие цогцсыг нь Бабын Бунханы доторх нэгэн гулдан хөндийд байршуулснаар оршуулгын ёслол өндөрлөсөн билээ. Гэхдээ, энэ нь түр зуурын байршуулалт байхаар Шоги Эффендигээс төлөвлөсөн байсан юм. Тохиромжтой цаг нь болоход, Абдул-Бахагийн хосгүй онцгой байр сууринд нийцэхүйц шинж чанартай Бунхан сүндэрлүүлэн босгоно хэмээн төлөвлөсөн ажээ.
Тэр цаг нь болжээ. Тэрхүү ариун цогцсыг үүрд нандигнан тэврэх барилгыг барьж босгохыг ийнхүү Бахайн ертөнц түмэнд уриалж байна. Уг барилгыг Ризваны цэцэрлэгийн ойр орчимд буюу Адистат Гоо Жавхлангийн хөлийн мөрөөр адислагдсан тэр газар дээр барьж байгуулах бөгөөд улмаар Абдул-Бахагийн Бунхан нь Акка болон Хайфа дахь Ариун Бунхануудын хооронд зурагдсан хавирганы сар дээр байрших болно. Архитектурын төлөвлөлтийн ажилд ахиц дэвшил гарсаар байгаа агаад ирэх саруудад илүү мэдээлэл хуваалцах болно.
Амлалт найдвараар дүүрэн ирж буй жилийн талаар цэгнэн бодохуйд гойд баяр хөөрийн мэдрэмж бидний сэтгэлд давалгаалж байна. Бахауллад үйлчлэх үйлчилгээндээ завгүй хичээж, энх тайвны үйл хэргийн төлөө үндэстэн бүрт хөдөлмөрлөж байгаа та нарын хүн бүрийг эрхэм дээд үүргээ биелүүлэх болов уу хэмээсэн итгэл найдвартайгаар харж байна.
- The Universal House of Justice